The fullowing article tells
About the symbol and meaning of Mongolian national flag in relation
to historical events, traditions, and ideas and opinions of some scientists.
Монгол улсын төрийн далбаа улаан хөх улаан өнгөөр хослон, эхний улаан өнгөн дээр шар өнгийн соёмбоор давхарлуулан бэлгэдсэнийг хэн хүнгүй мэднэ. Энэхүү төрийн далбаагаа Монголчууд дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлэн хүндлүүлж, 1961 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагад албан ёсоор байрлуулж, олимп, дэлхий, тивийн уралдаан тэмцээн зэрэгт тамирчид маань мандуулсаар ирсэн бахархалтай.
Аливаа их гүрний хувьд ч мөн жижиг буурай улсын хувьд ч гэсэн ялгаагүй, төрийн далбаа гэдэг бол тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг илэрхийлэгч бэлгэ тэмдэг нь байдаг.
Өнгөрсөн жилд Монгол улсын төрийн сүлд, далбаа, дуулал зэргийг өөрчлөх тухай санал эрдэмтэн, судлаач, ард иргэдийн дунд өрнөх болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, улмаар Монгол Улсын Ерөнхийлэгч энэ асуудалд анхаарч, Улсын Их Хурлаас тусгай комисс хүртэл томилон ажиллуулж байсан билээ. Тэрхүү комисс төрийн дууллын ая болон утганд нэмэлт засвар хийж, сүлдний тухайд хоёр шинэ хувилбарыг дэвшүүлэн ард түмний дунд санал асуулга явуулахаар болж харин төрийн далбааны тухайд хэвээр үлдээсэн.
Мандан бадрахын улаан өнгө бас мөнх хөх тэнгэрийг илэрхийлсэн хөх өнгө мэтээр Монголын төрийн далбааны утга, бэлгэдлийг тайлбарласаар өнөөдрийг хүрлээ.
Түүхээс сонирхоод үзвэл өнгөрсөн ХХ зуунд Монголчууд төрийн далбаагаа 4 удаа өөрчлөн сольж хэрэглэсэн байх юм.
- 1911 онд дахин сэргэн тусгаар тогтносон Богд хаант Монгол улсын далбаа нь хэмжээний хувьд гурав нэгийн харьцаатай, босоо дөрвөлжин хэлбэртэй, дэвсгэр нь гал шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, дээд талын хэлэнд “ом”, дундахад нь “аа”, доод талд нь “хум” хэмээх маанийн үсэгтэй байхаар тогтоож, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба далбааны төв дундад гуутай бадамлянхуа цэцэг бүхий “соёмбо, э бам ” үсгийг тусгай мөргөлийн ном /ламаадангомбо, санждансүрэн, лаймүдданзан/ бичсэн дэвсгэр дээр урласан байдаг.
- Улсын анхдугаар их хурлаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг батлахад төрийн далбаа нь улаан, дунд нь уламжлалт соёмботой, хоёр хажуугаар нь “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэсэн бичигтэй байхаар тогтоож, ишний толгойд дороо манжлага бүхий сэрээтэй байжээ. Төрийн шинэ далбааг бүтээхдээ урьдын далбааны уламжлалыг харгалзан үзсэн байна.
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 7 дугаар сарын 10 ны өдрийн 43-р тогтоолооор улсын далбааны маяг найруулгыг шинэчлэн баталжээ. Уг баримт бичигт заахдаа “ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа нь 2х1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд, уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуа цэцэггүй соёмбо байна. Энэ далбаа 1960 оны Үндсэн хуулиар албан ёсоор батлагдсан.
- 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах нь мөнх хөх тэнгэрийн хөх, түүний хоёр талд мандан бадрахыг бэлгэдсэн улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.” Хэмээн зааснаар төрийн далбааны өмнөх хэлбэр, найруулга бараг хэвээр хадгалагдаж, гагцхүү хуучин далбаанд байсан таван хошууг хассан байна. / “Монголын соёлын түүх”1 боть. 374-375талд/
Дээр өгүүлснээс үзвэл Өндөр Гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо” нь Төрийн бүх далбаанд шингэж, улаан, шар өнгүүд нь анхнаасаа үндсэн өнгө болж, харин хөх өнгийг хожим нь нэмж оруулсан байх юм. Эхэн үедээ соёмбоо дээдлэн бадамлянхуа цэцгэн суурьтайгаар бэлгэдэн бүтээж байсан бол сүүлдээ шарын шашин, дорно дахины бэлгэдэл тэрхүү бадамлянхуа цэцгийг аван, соёмбынхоо дээр коммунист үзэл суртлын бэлгэ тэмдэг таван хошууг дээдэлсэн янзтайгаар байрлуулжээ. Хэмжээ хэлбэр эхэндээ босоо дөрвөлжин, цацагтай, бичигтэй байсан бол хожим цацаггүй, үсэггүй, хэмжээ нь 1:2-н харьцаатай болжээ.
1945 оны II сард Зөвлөвт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британийн удирдагч нар Ялтад чуулж, дайныг хурдан зогсоох, дайны дараа ялагдагч орныг хэрхэн хуваах тохиролцоо зэргийг хэлэлцэхийн хажуугаар Сталин Монголын тусгаар тогтнолын асуудлыг хөндөж тавьсан гэдэг. Ялтын энэхүү бага хурлаар манай өнөөгийн хилийн шугамыг дээрх их гүрнүүд тогтоосон аж. Сталин Монголын засаг захиргааны хуваарь, улсын хил зэргийг улаан хөх өнгийн харандаагаар зурж тэмдэглэсэн байх.??? /Д.Баярхүү. Евразийн геополитик өнгөрсөн олон улсын харилцаа одоо, ирээдүй. УБ.2003 он. 124-р талд./ Тухайн үеийн Монголын хувь заяа, гадаад улс төрийн байдал Сталины гарт орж ямарваа нэгэн асуудал энэ хүнээр дамжин, шийдвэрлэгдэж байв.
Үүний тод илрэл нь гэвэл Х.Чойбалсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1940 оны Төрийн шинэ сүлдний загварыг Сталинд үзүүлтэл.
Монгол улс газар тариалангийн орон биш, тариа их тарьдаггүй байж юунд ийм сүлдтэй байх билээ, ер таарахгүй. Монгол бол мал аж ахуйн орон. Ингэхлээр мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй, түүнийг тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино.... гэсэн байдаг. Ингээд Сталины хэлснээр зуруулсан нь цаашдаа манай улсын төрийн сүлдний эх загвар болж үлдсэн гэдэг. / Б.Баабар. “Монголчуудын нүүдэл суудал” II. х-609. УБ хот 2006/
Энэ жишээнээс харахад Монгол улсын Төрийн далбааг ч гэсэн Сталины логикоор бүтээчихсэн юм биш биз? Ялтын гэрээгээр Монголын хил хязгаарыг хөх улаан өнгөөр будаж зурж байхад нь түүнд энэхүү гойд санаа нь орж ирсэн ч юм билүү? гэх мэт олон асуулт гарч ирж болох юм.
Одоогийн улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй, урд талын хэсэгтээ соёмботой байх далбаа нь Ялтын бага хурал болсноос хойш 5 сарын дараа буюу 1945 оны 7-р сарын 10 ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43-р тогтоолоор найруулан боловсруулагдаж улмаар төрийн албан ёсны далбаа болгон баталжээ. Цаг хугацааны хувьд болоод тухайн үеийн улс төрийн ашиг сонирхол, хоёр их гүрний хооронд байгуулсан нууц гэрээ хэлэлцээрийн агуулга зэргээс магадгүй л юм...
Газарзүйн байршлаар нь авч үзвэл хойд талаар Зөвлөлт Холбоот Улс, дунд хэсгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улс, харин өмнөт хэсгээр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс. Энэ гурван улс нь гурвуулаа коммунист дэглэмтэй. Монголоос ялгаатай нь хойд, урд хөрш нь дэлхийн бодлогыг тодорхойлогч хамгийн хүчтэй армитай, бас хамгийн их хүн амтай....
Тухайн үеийн Монголын хөрш хоёр улсын Төрийн далбаа хоёулаа улаанаас улаан, тод дэвсгэр өнгөтэй. Нэг нь алх хадуур зөрүүлж, дээр нь жижиг шар таван хошуу байрлуулсан, нөгөө нь том шар таван хошууг хагас тойруулсан байдалтай дөрвөн жижиг таван хошуугаар хүрээлэн дүрсэлсэн буй.
Харин тэдний дундах Монгол нь ердөө л ашиг сонирхол, аюулгүйн бамбай, хоёр хадны дундах халиуны зулзага шиг жийргэвч бүс гэсэн үг. Тийм ч учраас Монгол нь нөгөө хоёр тод улаан далбаатай хоёр гүрний завсар заагийг илэрхийлэгч хөх өнгөөр илэрхийлэгдсэн, хөх өнгөтэй Монголчууд юм.
Үүнийг Монгол улсын одоогийн төрийн далбаан дээр буулгаж үзвэл:
- хойд хөрш Зөвлөлт Холбоот Улс нь далбааны хойд улааныг,
- хөх өнгөнд элэгтэй Монголчууд далбааны дундах хөх хэсгийг, Харин:
- өмнө талын улаан дэвсгэрт нэг ба дөрвөн жижиг таван хошуут Бүгд Найрамдах Хятад Ард Улсын далбаа тус тус илтгэж буй гэлтэй. Хятадад 1949 онд Сталины тусламжтайгаар Мао тэргүүтэй Улаан Коммунистууд Чан Кай Ши-н гоминданыг түлхэн унагаж Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулав. Сталин Хятадад улаан коммунист засаг тогтоно гэдэгт итгэлтэй байсан учраас Монголын далбаан дээрх бэлэгдлийг бүтээж, тэр нь магад биелсэн байж болох талтай юм.
Монголын төрийн далбааны урд талын улаан өнгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг илэрхийлэхийн сацуу тэрхүү урд хэсэгт шар соёмбо үсэг байгаа нь эмзэглүүштэй. Тэгэхээр шар соёмбо /Монголчууд/ нь урд талын улаан дэвсгэрийн /Хятадын/ салшгүй нэгэн хэсэг мөн гэсэн утгатайгаар дүрслэгдэнэ.
Соёмбыг анх Богд хаант Монгол улсын төрийн далбаанд, цаашлаад дараа дараагийн далбаанд шингээжээ. Учир нь соёмбо өөрөө Монгол хүнийг бэлгэдсэн утга агуулгатай, зохиосон хүнийг нь Халхын Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Өндөр Гэгээн Занабазар нь Монголын урлаг соёл шашинд өөрийн үлэмж хувь нэмрийг оруулсан зүтгэлтэн авч, харин улс төрийн хувьд тэрбээр Монголын түүхнээ хамгийн харанхуй, хамгийн эмгэнэлтэй, хамгийн их зовлон зүдгүүрийг авчирсан хүн билээ. Тэрээр 1691 онд Халхын ноёдуудыг толгойлж Манж Чин гүрэнд сайн дураар дагаар орж 220 жилийн дарангуйллын эхийг тавьсан юм.
Мөн түүнчлэн Монголчуудыг бие, сэтгэл, оюун ухаанаар нь алгуур уусгах талаар Хятадын эртнээс баримталдаг улс төрийн далд бодлого нь одоо үед ч гэсэн хэрэгжиж байхыг төрийн далбаагаар тайлбарлахад хэлсдэхгүй болов уу?. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улсад суух элчин сайд “Шинэ зуун” хэмээх сэтгүүлд өгсөн ярилцлагандаа:
-“Монгол үндэстэн бол Их Хань үндэстний бүрэлдэхүүн хэсэг, Чингис хаан, Хубилай хаан нар хятадын ард түмнээс тодорсон баатар” гэж хэлсэн нь сохор үнэн болжээ.
Энэ нь Тайваньчууд Монголын тусгаар тогтнолыг одоог хүртэл хүлээн зөвшөөрдөггүйтэй, дэлхийн атласт Монголыг байхгүйгээр дүрсэлсэнтэй, Монголын далбааг гадаадад буруугаар үйлдвэрлэн худалдаж байгаа зэрэгтэй дүйж очихоор, магадгүй түүнээс тэнэг ч гэмээр алдаатай, бас дэндүү гутамшигтай асуудал байх.
Соёмбыг яагаад голын хөх өнгөн дээр байрлуулж болоогүй юм бол?... Уул нь өнгөний зохилдлогоо зэргээс харсан ч тэр, улаанаас илүүтэйгээр хөх өнгөн дээр шар өнгө илүү тод ялгарч, үзэмжтэй гоё төлөв харагддаг шүү дээ... Төрийн далбааны дундах хөх өнгөн дээр шар соёмбо байвал захын хоёр улааныг тэнцвэржүүлж утга төгс болмоор.
Дэлхийн хөгжлийг тодорхойлогч улс гүрний төрийн далбаанаас ажихад ихэнхдээ голд нь сүлд тэмдгээ байрлуулсан байдаг. Жишээлбэл: Япон, Энэтхэг,Өмнөд Солонгос, Канад гэх мэт.
Мөн Монголын төрийн далбааг гурван хэсэгт хувааж, дунд нь буй хөх өнгийг хоёр улаанаар хойно урдаас нь мануулсан янзтай дүрсэлдэг. Уул нь коммунтст чиг баримжаатай адилхан гурван улс гээд Монголыг ч гэсэн ялгаагүй дан улаанаар дүрсэлж болмоор. Гэтэл нэг муу өчүүхэн жижигхэн Монголыг өөрсөд шиг нь том гүрэнтэй адилтгахгүй гэсэндээ, бусад улс оронд нөлөөлийнх нь нутаг гэдгийг илээр мэдрүүлэх гэсэндээ, урьд түүхэнд нь энэ жижиг улс том гүрнийг хоёуланг нь залгиж байсныг санан өшөөрхөн хариугаа авах гээд үгсэн тохироод Монголын төрийн далбааг улаан хөх улаан гэж байхаар тогтсон ч юм билүү.
Улаан өнгийг авч үзвэл хүчирхийлэл, дарлал зэрэгтэй холбохын сацуу цус урсгах, уусгах буюу цусны бодлого гэх зэрэг утгыг илэрхийлнэ.
Хятадын түүхээс улаан өнгөөр бэлэгдсэн үйл явдлыг жишээ татвал:
-“Улаан хөмсөгтний бослого” Энэ нь эртний Хятадад гарсан тариачдын бослого. Тариачид эсрэг талаасаа ялгагдах таних тэмдэг болгон хөмсөгөө улаанаар буддаг учраас түүхэнд “Улаан хөмсөгтний бослого” хэмээн нэрлэдэг.
-“Улаан алчууртны бослого” XIV зуунд Монголчуудын дарлалын эсрэг Хятадууд толгойгоо улаан алчуураар боон тэмцсэн бослого.
-“Улаан коммунист хувьсгал” ХХ зуунд өрнөсөн улаан коммунист хувьсгалаар өнөөгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг үндэслэсэн гэх мэтчилэн. Түүнчлэн Хятадын уламжлалт баяр, хуримын ёслолд улаан өнгийг үлэмж зардаг. Өнгөөр бэлгэдэх ёс нь ийнхүү гүн ухаан, ёс зүйн утгатай төдийгүй угсаатны ялгац тэмдэг болдог сонин онцлогтой. Хятадуудын жинхэнэ өнгөний ялгац тэмдэг нь улаан өнгө. / С.Дулам. “Өнгөний бэлгэдэл зүй” дэд дэвтэр. 61 талд/
Оросын хувьд улаанаар тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлууд:
-“Цуст ням гариг” 1905 оны оны 140 мянга гаруй ажилчдын жагсаалыг хэрцгийгээр тараасныг түүхэнд “Цуст ням гариг”-н хэрэг хэмээн тэмдэглэсэн.
-“Октябрийн хувьсгал” В.И.Ленин тэргүүтэй Марксист үзэл онолыг баримталсан 1917 оны 10-р сарын буюу октябрийн хувьсгал зэргийг нэрлэж болно...
Дээрхээс үзвэл улаан гэх тодотголтой түүхэн үйл явдлууд нь олон мянган хүний амь насыг хороож, цус ургасан ба түүний хөдөлгөх хүч масс нь харанхуй тариачид, эсвэл мэдлэг боловсролгүй ажилчдын давхаргыг хамарсан бүдүүлэг хүмүүсийн хийсэн үйлийг магтан сайшааж дэвэргэх хандлагын улмаас бий болсон улаан өнгөний үзэл суртал юм. Үе үеийн түүхэнд өнгөний үзэл суртлаас болж хоорондоо дайтан тэмцэлддэг үзэгдлүүд элбэг тохиолддог. Иймэрхүү тохиолдол Монголын түүхэнд гарч байсан. Жишээлбэл:Шарын ба Улааны шашин, Хар ба Шарын шашин, Цагаатан ба улаан цэргүүдийн сөргөлдөөн мөргөлдөөнөөр талцан хуваагдан бусдын дарлал дор ордог бидний түүх мартдаггүй...
Хятад, Орос мэтийн улаан өнгөний дор нэгдэн, үзэл суртлаа болгон хүчирхэгждэг улс гүрэн гэж байхад Монголчуудад уул өнгө таардаггүй. Яагаад гэвэл хөх өнгөний оронд улааныг шүтэх болох үед Монголчууд аль нэг гүрний хараат болдог, дотроо хагардаг, доройтдог зэрэг түүхэн үечлэлтэй холбогддог. Мөн сэтгэлзүйн үүднээс ч улаан өнгө тааламжтай өнгө бус. Улаан өнгөнд удаан байвал галзуурдаг гэдэг. Монголчууд ахуй амьдрал, уламжлалдаа улаан өнгийг цээрлэдэг байсан.
Хөх өнгө нь Монголчуудын эрхэмлэн сүсэглэн дээдэлдэг болон өөрсдийгөө илэрхийлэгч өнгө юм. Монгол хүн бүр төрөх үедээ хөх толботой мэндэлдэг ба түүнийгээ мөнх хөх тэнгэрээс тамгалсан тамга, тэнгэр язгуурт ард түмэн гэж бэлэгшээдэг. Учир нь хөх толбо нь хятад ч юмуу эсвэл орос хүнд огт байдаггүй зүйл. Хөх өнгөтэй холбоотой Мөнх хөх тэнгэрийг шүтэн бишэрч, үүнээсээ энерги эрч хүчээ сэлбэж, цайны дээжээ, сүүний цацал гээд ариун эрхэм зүйлээ өргөн барьдаг ёс уламжлалтай. Монголын түүхэнд тодорч гарсан их гүрнүүд хөх өнгөн дор эвлэлдэн нэгдэж чаддаг, хүчирхэг болдгийг түүх харуулдаг. Монголчууд монгол гэдэг нэрээ Чингисийн Монгол, Нүүдэлчин Монгол гэхээсээ илүүтэйгээр Хөх Монгол, Хөх толботой Монголчууд гэж овоглуулах дуртай байдаг.
1980-д оны сүүлчээр Зөвлөлт Холбоот Улс задарч коммунист үзэл санаа төгсгөл болж түүний суурин дээр Оросын Холбооны Улс байгуулагдав. Нэрээ, үзэл сурталаа, нийгмээ, эдийн засгаа өөрчлөн солихын хажуугаар далбаагаа ч солихоо Оросууд мартсангүй. Тэрхүү ардчиллын шуурга Монголыг ч тойрч гарсангүй дайраад гарав. Яагаад гэвэл Орос ах нар нь тэгсэн болохоор дүү нар нь ч яаж дутах юм.
1990 онд Монголд Ардчилал ч ялав. 1992 онд Шинэ Үндсэн Хууль батлагдав. Бүгд Найрамдах Монгол Ардын Улсаа зүгээр л Монгол улс хэмээж. Нийгэм, эдийн засгийн тогтолцоо зэргээ Хүндэт ах нараа даган өөрчлөөдөхөв. Харин далбаанаасаа таван хошууг хассаныг эс тооцвол нөгөө л далбааг өөрчилгүй хэвээр үлдээв. Энэ үед л төрийн далбаагаа өөрчлөөд, зөв төрийн далбаатай болсон бол өнөөдрийн улс орон, төр засаг, нийгэмд гарч буй элдэв жагсаал цуглаан, авилгал гээд тогтворгүй байдал урган гарахгүй, ард түмэн ч ингэж бухимдахааргүй, элдвээр гоочилж шүүмжлэхгүй байсан байх.
Учир нь Төрийн сүлд, далбаа нь тухайн улс орны амин сүнс нь болдог. Амин сүнс гэдэг нь хүнийхээр бол бие сэтгэл оюун ухааныг нь зохицуулагч юм. Төрөөр бол эв нэгдэл, бүрэн эрхэт байдал, цог жавхаа, эрч хүчийг нь илэрхийлэгч. Төрийн далбаа ийм логик утгатай байгаа бол Монголын туураг тусгаар улсын бүрэн эрхэт байдал, улсын дотоод байдал юу болж байгаа нь ойлгомжтой юм. Эцэст нь энэ бүхнээс үзэхэд Монгол улсын төрийн далбааг өөрчлөх шаардлага зайлшгүй бий болоод байна
Тийм болохоор ард иргэд, эрдэмтэн, судлаач нарын санал шүүмжлэл зэргийг харгалзаж санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Төрийн шинэ далбааг боловсруулахдаа Монголын төрт улсын 2216 жилийн түүхийг судалж ямар үедээ хүчирхэг байсан, тэр үеийнх нь бэлгэдэл нь юу болж хүчирхэгжсэн гэх зэргээр төрийн сүлд, далбааны нууцыг судлах хэрэгтэй. А.Гитлер Монголчуудын Хас тамгыг шүтэн дэлхийн 1-р дайнд доройтож дахин сэхэх боломжгүй Германыг босгон сэргээгээд дахин дэлхийн дайныг өдөөсөн түүхтэй. Гитлер Германыг хүчирхэг болгосон нууц нь ердөө л дайнч Монголын хас тэмдгийг авсанд.
Мөн уламжлалт соёлоо бодолцож, шашны холбогдолтой ямар нэгэн бэлгэдлийг оруулахгүй байх тал дээр анхаарч үзэх ёстой. Өвгөдийн хар хайрцагны бодлого, түүхэн сургамжаас авбал шашин төрийг хослуулбал сульдан доройтдог гэсэн хуультай байдаг ба төр шашин хоёр тус тусдаа орших ёстой.
Далбааныхаа өнгийг дан хөх өнгөөр бүтээж, түүн дээр чоно, буга, цагаан шонхор болоод соёмбо, гал нар сар, хас дүрс зэргийн аль нэгийг сонгон бэлгэдэн дүрсэлж болмоор. Монголчуудын эртний төрийн туг далбаа нь хөх дэвсгэр өнгөтэй, түүн дээр цагаан шонхор дүрсэлсэн, гурвалжин зэв хэлбэртэй байсныг санах хэрэгтэй.
Харин одоо Монгол улсын төрийн далбааг өөрчлөх тухай санал, түүний оронд байж болох төрийн далбааны шинэ загварыг нэг хүний бус нийт Хөх Толботой Монголчуудын дунд үлдээх ёстой. Алив улсын сүр хүч, тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг төрийн далбаа илэрхийлдэг ч, манай төрийн далбааны утга нь Монголыг бүрэн хамгаалагч, илэрхийлэгч, бие даасан шинжтэй болгож чадахгүй байна шүү дээ... Үүнийг уншиж байгаа та ч мөн нэгийг бодох буй заа...
Ашигласан материал
- Монголын нэвтэрхий толь
- Буддын шарын шашны тайлбар толь
- Д.Лхаашид “Монголчуудын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг” УБ.1999 он
- С.Дулам. “Өнгөний бэлгэдэл зүй” дэд дэвтэр.
- 1924,1940,1960,1992 оны ҮНДСЭН ХУУЛИУД УБ.2007он
- Д.Баярхүү “Евроазийн геополитик өнгөрсөн олон улсын харилцаа одоо,ирээдүй” УБ.2003 он
- Баабар “Нүүдэл суудал” 2-р боть УБ. 2005
- Монголын соёлын түүх
- Өнөөдөр сонин 2006.4.3-ны дугаар
- Өнөөдөр сонин 2006.5.1-ны дугаар
- Зууны мэдээ сонин 2006.4.10-ны дугаар
- Өнөөдөр сонин 2006.6.13-ны дугаар
saihan bolj
ReplyDelete