Алаг сүлд-тугны тухайд...
Монголын төрийн бэлгэдэлд анхандаа алаг сүлд-туг нь байсан, эсэх талаар маргаантай. Монголын түүхийн тулгар сурвалж бичгүүдийг үндэс болгон, алаг сүлд-тугны талаар мөшгөвөл мэдээ тун хомс.
Харин МНТ-нд Жамуха Уруд, Мангудыг:
“Тойрч ирээд
Довтлон буудаг
Ташаалдаж ирээд
Даран ордог
Бараан алаг тугийг
Барьж явдаг....”[1], үүнээс үзвэл Уруд, Мангуд нар алаг сүлд-тугтай байсанг баталж, Их Монгол улс, Юань улс, улс төрийн бутралын үеийн түүхэнд холбогдох сурвалжуудад алаг сүлд-туг байсанг батлах тодорхой баримт байхгүй юм.
Иймээс Алаг сүлд-туг нь Их Монгол улс байгуулагдахаас өмнөх Урад, Мангуд аймгийн цэргийн бараан алаг туг байгаад, Монголын түүхийн их хаад, бага хаадын бутралын үед ч байгаагүй болно. Энэ үеүдийн Монгол төрийн бэлгэдэл, хаадын шүтээн нь цагаан туг, хар сүлд байгааг сурвалж бичгүүд баталж өгдөг.
Харин Монгол төрийн түүхэн бэлгэдэлд алаг сүлд-туг байсанг зарим судлаач эрдэмтэд батлахыг хичээж, зохиол бүтээлдээ дурдсан байх юм. Тухайлбал:
-Х.Нямбуу: “...алаг сүлдийг энхжин ба дайны үед хэрэглэж байжээ... Монголын нэгдсэн улсын сүүлчийн хаан Лигдэн /XVII зуун/ алаг сүлдтэй байсан гэдэг. Үүнээс үзвэл монголын түрүү үеийн их хаад их цагаан сүлдтэй, хожмын бага хаад хар, алаг сүлдтэй байсан бололтой...”[2], дээрхээс үзвэл алаг сүлд-тугийг Лигдэн хутагт хаан хэрэглэж, тахиж байсан гэхийг Х.Шаралдай “... алаг сүлдийг Цахарын алаг туг гэгчийг дуулсан. Хангинд “Цахар усан шүтээн” гэдэг алаг туг байж гэнэ. Энэ нь Лигдэн хааны баруунш гарахдаа орхисон туг маягтай...”[3]. гэх зэргээс үзвэл Лигдэн хутагт хаан Манжид дийлдэн Цахараас Хөхнуур руу зугатан явахдаа алаг сүлд-тугаа Ордост үлдээж, тэнд нь одоог хүртэл тахиж байгаа бололтой. Энэ алаг сүлд-тугийг нь 13-н жилд нэг удаа тахидаг гэнэ. Мөн алаг сүлд-тугийг Хавт Хасарын тахиж хэрэглэж байсан сүлд гэдэг. Үүнийг эх сурвалжийн мэдээнд байхгүй учраас батлах гэж үзсэнгүй.
-“Д.Гонгор: "цагаан, хар, алаг сүлд гэж 3 янз байсан бөгөөд,...алаг нь цагаан, хар зүсмийн адууны сүүлээр манжлага хийснээс тийнхүү алдаршжээ.
...Алаг сүлдийг энхжин ба дайны аль ч үед хэрэглэх боловч энэ нь ховор тохиолдол болно..”[4] гэжээ.
Алаг сүлд-тугны бэлгэдлийг Д.Гонгор, Х.Нямбуу нар энхжин ба дайны хосолмол бэлгэдэл гэж үзсэн.
Хэрвээ алаг сүлд-туг байсан бол ямар янз байдалтай байхыг “Монгол соёлын түүх” номонд дурдсанаас үзвэл:
“- Алаг сүлд бол нэг тохой орчим урт, хоёр талдаа иртэй гол нь товгор бөгөөд алтан шармал жадан гилбэртэй байв. Гилбэрийн сууринд гөхөлтэй мөнгөн цар хийж, гөхлийг 13 жилд нэг удаа азарганы дэлээр солих ба иш шилбийг сэтэрлэж онголсон хар модоор хийдэг. Түүн дээрээ мөнгөн билгүүн /нүд/ зурсан байдаг ажээ.”[5], мөн алаг сүлд-тугийг цагаан, хар зүсмийн адууны сүүлээр манжлага хийдэг байсан тухай Д.Гонгор өгүүлсэнг өмнө өгүүлсэн.
Дээрхээс үзвэл алаг туг-сүлд нь анхандаа буюу 1206 оноос өмнө Уруд, Мангудын цэргийн бараан алаг туг нэрт байгаад сураг алдарч, XVII зууны үед Цахарын Лигдэн хутагт алаг сүлд-тугийг бэлгэдлээ болгосон зэргээр гарч байна. Лигдэн хутагт хаан Манжид дийлдэн Хөх нуурт зугатан очих замдаа Ордост үлдээн, түүнийг одоог хүртэл тахиж ирсэн байна. Алаг сүлд-туг нь нэг хөлтэй байна.
No comments:
Post a Comment